Эдийн засгийн тухай эндээс уншаарай

Өөрийнхөө дуртай ажлыг хийх нь өөрийгөө хөгжүүлэх шинэ гарц.

ОУ-н маркетинг: STP загвар 3-р хэсэг
Олон улсын зах зээлийн байршуулалтын стратеги  / positioning/ Байршуулах стратеги гэдэг нь тухайн зах зээл дээр өөрийн гэсэн байр суурь, тодорхой хэмжээний ашиг орлого олохын тулд  өрсөлдөгч пүүсүүдийнхээ эсрэг ямар үйл ажиллагаа явуулах вэ, эсвэл явуулахгүй вэ гэдгийг тодорхойлох болно.   Гадаад хэрэглэгчдийн соёлын байдал болон онцлогийг сайн мэдэж байх хэрэгтэй болдог.
"ОУ-н маркетинг: STP загвар 3-р хэсэг" цааш унших »
ОУ-н маркетинг: STP загвар 2-р хэсэг
Олон улсын зорилтот зах зээлийн стратеги / targeting/ Олон улсын зах зээлийн сегментүүдээс сонголт хийхийн тулд сегментүүдийг үнэлэх хэрэгтэй болдог. Олон улсын зорилтот зах зээлийг үнэлэх шалгуур. F     Хэн манай бүтээгдэхүүнийг авдаг вэ F     Хэн манай бүтээгдэхүүнийг авдаггүй вэ
"ОУ-н маркетинг: STP загвар 2-р хэсэг" цааш унших »
ОЛОН УЛСЫН МАРКЕТИНГИЙН STP загвар
  Зах зээлийн сегментчилэл ба зорилтот зах зээл сонголт, байршуулалтын стратеги 1-р хэсэг Дэлхий дахины маркетингийн удирдлагын амин чухал асуудлын нэг болох зах зээлийн хэсэгчлэл, зорилтот зах зээлийн сонголт, бүтээгдэхүүн үйлчилгээний хүргэлтийн стратеги буюу SТР загвар нь /segmentation, targeting, positioning/ гэсэн үгсийн товчлол бөгөөд энэ нь байгууллагын стратегийн бүрэлдэхүүн хэсэг юм. 1. Олон улсын зах зээлийн сегментчилэл / segmentation / Дэлхийн улс орнуудыг сегментчилэхдээ улс орнуудаар бүлэглэх, хувь хэрэглэгчдээр бүлэглэх 2 төрлийн арга байдаг. Сегментчилэх гэдэг маань хэрэглэгчдийн ижил төсөөтэй шинж чанараар нь тэдгээрийг бүлэглэх явдал байдаг. Олон улсын түвшинд үйл ажиллагаа байгаа пүүсүүд худалдан авагчдынхаа хэрэгцээ шаардлагыг илүү мэдэрч борлуулалт ашгаа нэмэгдүүлэхийн тулд зах зээлээ сегментчилдэг. А.Коскин Сэмлигийн гаргасан “Дэлхий нийтийн сегментчиллийн ялгаатай байдал” ыг харуулсан хүснэгт байдаг.
"ОЛОН УЛСЫН МАРКЕТИНГИЙН STP загвар" цааш унших »
Латин Америкийн зах зээлийн тухай: Товчхон 2 үргэлжлэл

1969 онд дараах 5 улс нэгдэн нийгэм эдийн засгийн хамтарсан нэгдлийг бий болгосон. Венесуэл улс 2006 онд уг холбооноос гарсан. Одоогоор 4 үндсэн гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

 Хүснэгт: Andean Community -гийн гишүүн орнуудын орлого хүн амын байдал: 2007 оныхоор

 

ДНБ /сая $ /

Хүн ам /сая/

1 хүнд ногдох ДНБ

Боливи

27,2

8,99

$3027

Колумб

367

43,59

$8412

Эквадор

60,5

13,55

$4464

Перу

182

28,30

$6423

Нийт

636,7

94,43

$6743

Эх сурвалж: CIA World Factbook

 

Энэхүү холбооны гол зорилго нь гишүүн орнууд бага тарифтай худалдааны группыг бий болгон ажиллах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, худалдааны бага тарифын үр дүнд бусад орнуудаас үйлдвэрлэлээ хамгаалахад оршиж байлаа. 1988 онд гишүүн орнуудынхаа санаачилгаар хөгжлийнхөө шинэ чиглэлийг тодорхойлон эхлүүлсэн гэж үздэг. 1992 онд Андийн гэрээнд гарын үсэг зурсанаар Латин Америкийн анхны зохион байгуулалттай хагас бүсчилсэн нутгийн чөлөөт худалдааны бүс гэдгийг хүлээн зөвшөөрөх болсон. Тухайн гишүүн улсууд 1992 оны сүүлээс экспорт, санхүү, мөнгөний эх үүсвэр, гадаад валютын зэргээсээ үр шимийг нь хүртэж эхэлсэн байна.

 

 

 

 

Латин Америкийн зах зээлийн тухай: Товчхон 1

Латин Америк нь Карибын тэнгис хавийн орнууд болох төв болон өмнөд Америк орно. Баруун Европ, Төв болон Зүүн Европоос олон хүн амтай багтаамж ихтэй зах зээл юм. Латин Америкийн орнууд дараах эдийн засгийн холбоод нэгдлүүдэд хуваагдаж байна.

Төв Америкийн нэгдсэн холбоо. SICA -/Sistema de la Integracion Centroamericana/ буюу англиар Central American Integration System

1960 оноос эдийн засгийн нэгдэл холбоо үүсч эхэлсэн. 1969 онд Гондурас болон Эл Салвадорын дайн дууссанаас нэгдэх үйл явц бий болсон. Төв Америкийн нэгдсэн холбоо нь 5 үндсэн гишүүнтэй.

F     Эл Салвадор

F     Гондурас

F     Никарагуа

F     Коста Рико

F     Гуатимала

1991 оны 7 сард Төв Америкийн нэгдсэн зах зээл /Central American Common Market-CACM/ гэдгийг тодорхойлсон ба 1994 оноос ийнхүү нэрлэх болсон байна. 1994-1996 оны энэхүү нэгдэх үйл явцын үр дүнд бүс нутгийн нийт худалдааны хэмжээ 1,1-1,6 тэрбум доллар хүртэл өссөн байна. 1997 онд Панам улс уг холбоонд нэгдсэнээр нэрээ өөрчилж Төв Америкийн нэгдсэн холбоо буюу англиар Central American Integration System /SICA -Sistema de la Integracion Centroamericana/ гэгдэх болсон.

Төв Америкийн эдийн засгийн нэгдлийн удирдлагын гол төв Гуатимала хотод байдаг.

 

Хүснэгт: SICA-гийн гишүүн орнуудын орлого хүн амын байдал: 2007 оныхоор

 

ДНБ /сая $ /

Хүн ам /сая/

1 хүнд ногдох ДНБ

Билайз

2,31

0,29

$8018

Коста Рико

48,8

4,08

$11967

Эл Салвадор

33,2

6,82

$4866

Гуатимала

60,6

12,29

$4927

Гондурас

22,1

7,33

$3021

Никарагуа

16,8

5,57

$3021

Панам

25,3

3,19

$7925

БН Доминикан

73,7

9,18

$8029

Нийт

282,81

48,75

$5801

Эх сурвалж:                  CIA World Factbook

 

Хойд Америкийн зах зээлийн онцлог: товчхон

Хойд Америк нь Канад, АНУ, Мексикийг оролцуулаад өвөрмөц бүс нутгийн зах зээлийг бүрдүүлдэг.

АНУ нь бэл бэнчинтэй, хүн ам олонтой, зах зээлийн багтаамж, байгалийн баялаг нөөц ихтэй, эдийн засаг маркетингийн орчин нөхцөлийн хувьд нааштай эерэг төлөв хандлагатай улс юм. АНУ нь дэвшилтэт технологийн бүтээгдэхүүн эзэмшигчдийн түвшин өндөртэй, энэ үйл ажиллагаагаараа хоорондоо нэгдэн их хэмжээний ашиг олж байгаа ба шинэ санаа, техникийн дэвшлийг хэрэглэгчийн болон аж үйлдвэрийн бүтээгдэхүүнд хоёуланд нь өндөр хурдтайгаар уян хатан ашиглаж байгаа орон юм. /Fortune/ Фортун сэтгүүлд бичсэнээр дэлхийн шилдэг 500 үйлдвэрийг жагсаахад АНУ-гийн 162 үйлдвэр энэ жагсаалтанд багтсан байна. АНУ-гийн компаниуд ихэнхдээ компьютер, программ хангамж, дэлхийн агаар мандал, зугаа цэнгэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, тийрэлтэт хөдөлгүүрийн үйлдвэрлэлийн салбарууд тус тус өндөр хөгжиж байна.

Хойд Америкийн чөлөөт худалдааны бүс буюу НАФТА /NAFTA буюу North American Free Trade Agreement /

1988 онд АНУ болон Канад чөлөөт худалдааны гэрээнд гарын үсэг зурсанаар АНУ Канадын Чөлөөт Худалдааны Бүс /US-Canada Free Trade Agreement эсвэл CFTA/ үүсч 1989 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.

Үйл ажиллагаа явуулах 2 төв байр нь  Оттава болон Вашингтон хотуудад байрладаг.

АНУ-гийн худалдааны №1 түнш орон бол Канад бөгөөд хоёрт Мексик, гуравт Япон ордог.  Америкийн компаниуд Канад болон бусад орнуудад ихээр нэвтрэн үйл ажиллагаа явуулах болсон. Маш олон Америк үйлдвэрүүд General Electric, IBM зэрэг компаниуд Канад улсаар дамжуулан дэлхийн зах зээл рүү зарим нэг бүтээгдэхүүнийг гаргадаг шугамтай болсон байна.

            Канадын автомашины зах зээл дээрх оролцооны байдал нь АНУ-гийн машин үйлчдвэрлэгчдийн эдийн засгийн гол хэмжээс нь болж байна.

 

1992 оны 8 сарын 12 нд АНУ, Канад, Мексикийг оролцуулсан хэлэлцээрээр /NAFTA буюу North American Free Trade Agreement/ Хойд Америкийн Чөлөөт Худалдааны Холбоо байгуулагдсан.

 Энэхүү холбооны гол зорилго нь хөрөнгө оруулалт, гадаад худалдааг өргөжүүлэх, худалдааны тарифыг бууруулах замаар тухайн гурван улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих явдал байсан. Бүтээгдэхүүн үйлчилгээ, хөрөнгө оруулалтын урсгалд гол анхаарлаа хандуулж байгаа бөгөөд оюуны хөрөнгө оруулалтыг хамгаалах талаар гэрээ хэлэлцээрүүд хийгдэж байна.

Хүснэгт: NAFTA-гийн гишүүн орнуудын орлого болон хүн амын байдал 2007 оны байдлаар

ДНБ саяар

Хүн ам. сая

1 хүнд ногдох ҮНБ

Америк

13130

300

$43500

Канад

1165

33,10

$35198

Мексик

1134

107

$10554

Нийт

15429

440,10

$35,058

 

Олон улсын маркетингийн хольц /The International Marketing Mix/:

 Олон улсын маркетингийн хольцод үндсэн 4Р /4 пи/ болон үйлчилгээний маркетингийн хольцод орох нэмэгдэл 3Р орох болно. Эдгээр хольцуудаас гадна сүүлийн үед нэмэгдэх болсон 3Р –г авч үзэх болно.

  1. Product - Бүтээгдэхүүн. Бүтээгдэхүүн гэсэн ойлголтонд бараа, үйлчилгээ, санаа гэсэн зүйлсийг ойлгодог. Олон улсын түвшинд гарах бүтээгдэхүүн нь дараах үндсэн гурван шаардлагыг хангасан байх ёстой гэж үздэг.
    • Тохиромжтой байдал: Тухайн орныхоо хэрэглэгчдэд тохирсон байх. Заавал чанартай байна гэсэн ойлголт бол биш юм. Тухайн орны хэрэглэгчдийн худалдан авах чадвар, хэрэглээнд нь тохирсон байх ёстой. Зарим тохиолдолд хэрэглэгчид нэг удаагийн хэрэглээний зүйлс хүсэх нь байдаг. Удаан эдэлгээтэй бөх бат байх зэрэг нь гол шалгуур биш юм.
    • Хэрэглэхэд хялбар байх: Хэрэглэгчид хэрэглээгээ байнгын хялбарчлахыг хүсч байдаг.
    • Өрсөлдөхүйц байх: Олон улсын түвшиний бусад бүтээгдэхүүнтэй өрсөлдөөнд давуу байдал олж амьдрах чадвартай байх ёстой. Энд үнэ хямд, чанартай, санхүүгийн чадвар сайтай, нэр хүндтэй байх зэрэг нь гол шалгуур болдог.
  2. Place - Хуваарилалт. Хуваарилалтын сувгуудын сонголт хамгийн чухал байдаг. Биет болон биет бус хуваарилалтын 2 төрөл байна. Биет хуваарилалт гэдэг бол ложистик /logistics/ буюу ХААИС-н Г.Бизъяа багшийн үзсэнээр барааны хөдөлгөөн юм. Барааны хөдөлгөөн захиалга боловсруулахаас эхлээд савлах боох, тээвэрлэх, хадгалах зэрэг нөөцийн удирдлагын асуудлыг хамардаг. Барааг биетээр хөдөлгөөнд оруулах онгоц, усан тээвэр, төмөр зам, авто машин, дамжуулах хоолой гэх мэт  тээврийн хэрэгслээр дамжуулан эцсийн хэрэглэгчдэд хүргэх хуваарилалтын асуудал орно. Биет бус хуваарилалт гэдэг бол бараа хуваарилалтын суваг буюу дундаас нь хэр олон хүн зуучилж ашиг олж болох вэ гэдгийг хамарсан асуудал юм. Бөөний худалдаачин, жижиглэнгийн худалдаачин гэх мэт.
  3. Promotion –Идэвхжүүлэлт: Маркетингийн идэвхжүүлэлтийн иж бүрдэлд зар сурталчилгаа, борлуулалтын идэвхжүүлэлт, олон нийттэй тогтоох харилцаа PR /пи ар/, биечилсэн худалдаа зэрэг ордог ба олон улсын маркетингийн хувьд зар сурталчилгаа, брэнд, сурталчилгааны хэл, таних тэмдэг чухал байдаг. Зар сурталчилгааны хэл гэдэг сурталчилгааны уриа, тогтсон хэллэг зэргээр илэрдэг.
  4. Price – Үнэ. Үнэ нь зардал, өрсөлдөөн, эрэлтэнд тулгуурлан 3-н аргаар бүрдүүлдэг. Олон улсын хувьд үнийг гаалийн хураамж, татвар, төлөөлөх комиссын зардал, тээврийн зардал зэргийг нарийн тооцож тогтоох хэрэгтэй болдог.

Үйлчилгээний нэмэгдэл 3Р

  1. Physical evidence-Орчин. Үйлчилгээ явуулах орчин нөхцөл материаллаг бааз, үйл ажиллагаагаа явуулах ажлын туршлага, зохион байгуулалт, төлөөлөөх комиссын хүлээн авалт харилцааны байдал зэрэг орох болно.
  2. People-Хүмүүс/ажилчид/. Олон улсын маркетингад үйлчилгээний ажилчид нь хэлний чадвар, соёлын талаарх мэдлэг, нөхөрсөг харьцаа хамгийн чухал байдаг.
  3. Process-Үйл ажиллагаа. Улирал тутам төлөгддөг зардалууд, бараа бүтээгдэхүүнийг илгээх арга, төлөөлөгчдийн харилцаа  зохион байгуулалт, ажилчдын сургалт зэрэг хамаарагдана.

Нэмэгдэл 3Р

  1. Packaging-Сав баглаа боодол. Сав баглаа боодол хэрэглэгчдэд таалагдаж байхаас гадна бүтээгдэхүүн болон хэрэгцээнд нь нийцсэн, цаг агаарын байдал ба тээврийн нөхцөл зэрэгт нь тохирсон байх ёстой.
  2. Partnership-Түншлэл. Аялал жуулчлалын байгууллагын хувьд түлхүү яригддаг. Түншлэгч байгууллагууд нь бизнесийн түнш гэдэг бол олон улсын маркетингийн хувьд хамгийн чухал байдаг.
  3. Politic-Улс төр. Улс төрийн хүчин зүйлс маркетингийн орчингийн гадаад хүчин зүйлст ордог хэдий ч сүүлийн үед энэ нь орчин гэхээсээ илүү олон улсын маркетингийн хувьд хольц болон орж байна хэмээн үзэх болсон.

 

Энгийн маркетинг болон олон улсын маркетингийн ялгаа

Энгийн маркетинг болон олон улсын маркетингийн ялгаа:

Олон улсын маркетингийн гол ялгаа нь судлах хүрээ болон орчин нөхцөл, түүнд нөлөөлөгч хүчин зүйлс зэрэг юм. Олон улсын маркетингийг судлах явцад тулгарах бэрхшээлүүдийг дурьдвал хэл, соёлын ялгаа, тухайн улсын болон олон улсын түвшинд мөрдөгдөх хууль тогтоомжууд, хориг хязгаарлалтууд, эрүүл ахуйн зохицуулалт, хяналт стандартуудыг нэрлэж болно.

n      Хэлний бэрхшээл. Улс болгон янз бүрийн хэлтэйгээс гадна тухайн улс орон дотор олон үндэстэн угсаатан байх ба тэд мөн өөр өөрийн онцлогтой, аялгатай зарим тохиолдолд өөр хэлээр ярилцдаг. Хэл бол хүний хамгийн гол ойлголцох харилцааны хэрэгсэл бөгөөд тухайн орны хэлийг мэдэхгүйгээр маркетингийн үйл ажиллагааг амжилттай явуулах үндэс байхгүй юм.  Тухайн орны хүн амын хэдэн хувь нь ямар хэлээр яридаг вэ гэдэг үзүүлэлт их чухал байдаг. Жишээлбэл Америкчуудын хүн амын ихэнх хувийг Испаничууд эзлэх магадлалтай байгаа ба энэ чигээрээ өсөлт үргэлжилбэл 20 жилийн дараа АНУ-гийн хүн амын 1/3 хувийг Испаничууд эзлэнэ гэсэн таамаглал байдаг бөгөөд энэ нь маркетингад ихээхэн нөлөөллөө үзүүлж байдаг. Энэ байдал даамжирвал Америкчуудын үндсэн буюу албан ёсны хэл нь Испани хэл болохгүй гэх газаргүй юм.

n      Соёлын бэрхшээл. Хэл бол орчуулгаа зөв хийж байвал тийм ч их бэрхшээлтэй зүйл бас биш юм. Орчуулга бол соёлоос харьцангуй хялбар. Харин соёл илүү ярвигтай байдаг. Тухайн улсын соёлыг мэдэхгүйгээр маркетинг явуулах үндэс байхгүй. Жишээлбэл араасаа уншдаг бичигтэй арабын оронд үсэгт тэмдэглэгээнүүдийг эсрэг утгаар ойлгох тохиолдлууд нэлээд байдаг байна.

n      Хуулийн бэрхшээл. Олон улсын түвшинд маркетингийн үйл ажиллагаа явуулахад хамгийн том саад бол хуулийн элдэв янзын хязгаарлалт хориг тавилт, зохицуулалтууд байдаг. Тухайн улсын хуулиас гадна олон улсын түвшинд мөрдөгддөг хуулиуд гэж байдаг. Маркетингад ямар хуулийг харгалзан үздэг вэ? Гаалийн хууль, зар сурталчилгааны хууль, стандарчлалын хууль, шударга бус өрсөлдөөнийг зохицуулах хууль, гадаадын хөрөнгө оруулалтын хууль гэх мэт маш олон хуулиуд маркетингийн үйл ажиллагаа явуулахад нөлөөллөө үзүүлж тодорхой зохицуулалтыг хийж байдаг. Эдгээр хуулийн тулгуур гол үндэслэл нь дараах шалтгаануудаас үүссэн гэж ойлгож болно. Тиймээс эдгээр хуулиудын гол санааг дараах байдлаар төрөлжүүлэн ангилж болно.

q     Хориг тавих

v     Гадаадаас орж ирж байгаа бараанд нийгэмд хор хохирол учруулахгүй байлгахын тулд тодорхой нэр төрлийн барааг импортоор оруулж ирэхийг хориглодог. Мөн дотоодын үйлдвэрлэгчдийн хувьд ч энэ нөхцөл хамааралтай байдаг. Жишээлбэл: архи, тамхи, мансууруулах бодис, садар самуун байдлыг сурталчилсан бараа, эрүүл бус хүнс, буу зэвсэг, түүх соёлын ховор дурсгалт зүйлс гэх мэт. Энэ нь нийгмийн сайн сайхны төлөө тодорхой төрлийн сөрөг үр дагавартай хэрэглээг хориглох тухай заалтуудаас ихэвчлэн бүрддэг.

v     Дотоодын үндэсний үйлдвэрлэгчдээ хамгаалах, өрсөлдөөнд давуу байдал олохын тулд тухайн бүтээгдэхүүнтэй ижил төрлийн бүтээгдэхүүнийг импортоор оруулахыг хориглодог. Жишээ нь монголын хувьд түүхий ноолуурыг гадагш нь хилээр гаргахыг хориглосон гэх мэт.

q     Хязгаарлах

v     Тухайн бүтээгдэхүүнийг хэн хэрэглэж болох вэ? Тухайн үйлчилгээгээр хэн үйлчлүүлж болох вэ? гэдэгт хүүхэд насанд хүрсэн хүнийг ялгавартай авч үздэг. Хүүхдүүдийн хэрэглэж болохгүй зүйлсийг хуулиндаа тусгах нь байдаг.

q     Үүрэг

v     Савлагаа: найрлага, хэл, хүүхдэд ойлгогдох тэмдэглэгээ зэргийг савлагаан дээрээ хэрхэн бичихийг хуульчилж өгсөн байдаг. Энэ нь үйлдвэрлэгчдийн үүрэг болдог.

v     Орчны стандартууд: Дулаан ялгаруулалт, байршилыг тодорхой зааж өгөх нь үйлдвэрлэгчдийн үүрэг.

v     Өмч хөрөнгө эзэмшилт болон зах зээлд оруулах байдал

v     Эрсдэл хүлээх байдал зэрэг тухайн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхэд үйлдвэрлэгчийн зүгээс ямар үүрэг хүлээх талаар тодорхой үүргүүдийг хуульчилсан байдаг.

q     Эрүүл ахуйн зохицуулалтууд

v     эрүүл ахуй (хүн ургамал амьтны эрүүл мэнд)-г хамгаалан дэмжихэд чиглэсэн зохицуулалтыг хийдэг.

q                                                                                                                             Улсын хуулиас гаднах хуулиуд

v     Олон үндэстний хэмжээнд мөрдөгдөх хуулиуд байдаг. Жишээлбэл: Олон талт гэрээ хэлэлцээрүүд /Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын стандартын байгууллага ISO, Дэлхийн гаалийн байгууллага, Дэлхийн оюуны өмчийн байгууллага зэрэг/, Олон ишт хэлэлцээрүүд /Дэлхийн худалдааны байгууллагын гишүүдийн салбар бүлгүүдээс гаргасан хэлэлцээрүүд/, Бүсийн худалдааны хэлэлцээрүүд /Европын холбоо, Зүүн хойд Азийн орнуудын чөлөөт худалдааны бүс, Зүүн хойд Азийн орнуудын холбоо, OPEC, APEC гэх мэт/, Бага орлоготой орнуудын хөнгөлөлтийн худалдааны хэлэлцээрүүд /Котоноугийн хэлэлцээр, Хөнгөлөлтийн нэгдсэн систем GSP, Худалдааны хөнгөлөлтийн дэлхийн систем GSTP/ зэрэг хуулиуд үйлчилж байдаг.

           Олон улсын түвшинд маркетингийн үйл ажиллагаа явуулахад тохиолдох бэрхшээлүүдийг дурьдаад байвал нэлээдгүй олон болох болно. Жишээлбэл эдгээрээс гадна өрсөлдөөний нөхцөлүүд болон худалдааны туршлага зэрэг нь чухал байр суурь эзлэх болно.

            Ихэнх улсууд олон янзын соёлтой байдаг. Үүнээсээ хамаараад хэрэглэгчийн зан төлөв нь өөр өөр байх бөгөөд үйлчлэх хууль эдийн засгийн орчин, нөхцөл байдал ч харилцан адилгүй байх болно. Эдгээрт нь тохирсон маркетингийн үйл ажиллагаа явуулахын тулд олон улсын түвшиний маркетераас илүү өндөр ур чадварыг шаардах болно. Энгийн маркетинг болон олон улсын маркетинг хоёрын ялгаа улам бүр бүдгэрч байна гэж судлаач эрдэмтэд үзсэн байдаг. Энэ маань даяаршилтай холбоотой ба глобал бүтээгдэхүүнүүд өсч зөвхөн нэг улсаар зааглан ялгах бололцоогүйгээр эдийн засгийн үйл ажиллагаа нь нэг нэгнээсээ харилцан хамааралтай нэгдмэл болж байгааг харуулж байна.

 

 

Сонгуулийн тухай элий балай хошигнол таны сонголтонд нөлөөлөхгүй

Нэгэн шавь багшаасаа асуужээ. Ямар хүнийг ухаантай гэх вэ гэж. Тэгээд бүгдэд таалагдаад байгаа хүнийг ухаантай гэх үү. Багш нь үгүй гэлээ. Тэгвэл бүгдэд таалагдахгүй байгаа хүн ухаантай хүн мөн үү. Багш бас үгүй гэлээ. Шавь гайхахад багш нь ухаантайд нь таалагдаад ухаан муутайд нь таалагдахгүй байгаа хүн жинхэнэ ухаантай сайн хүн гэлээ. ТЭГВЭЛ БҮГДЭД ТААЛАГДАХ БОЛОМЖГҮЙ ГЭСЭН ҮГ. ТЭГЭХЭЭР МАССАД ТААЛАГДАХЫН ТУЛД ЮУ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ? хи хи

Шавь нь мөн л багшаасаа асуужээ.

Маркетинг гэж юу вэ

Маркетинг гэдэг ойлголтыг энгийнээр зах зээл судлал гэж ойлгож болно. Хүний нөөцийн удирдлага гэхээр байгууллагын боловсон хүчний асуудлыг удирдан зохицуулдаг, Санхүүгийн удирдлага гэхээр мөнгө санхүүгийн асуудлыг удирддаг шиг маркетингийн удирдлага гэдэг бол мөн нэг зүйлийг удирдаж л таарна. Тэр удирдах зүйл нь зах зээл хэмээх хөлгүй далай юм. Зах зээл гэж юу вэ? Нарантуул захаар төсөөлөн ойлгож болно. Энэ зах зээл мөн үү гэвэл мөн. Зах зээл гэдэг бол нэг талаас үйлдвэрлэгч /нийлүүлэгч/ нөгөө талаас хэрэглэгч, харин тэднийг хооронд нь холбодог зуучлагч зэргээс бүрдэх болно. Эдгээрийн хоорондын нарийн үйл ажиллагааг судлан зохицуулах боломж механизмыг судалдаг ухааныг маркетингийн удирдлага гэдэг.

Маркетингийн үндэс гэсэн хичээлээр маркетингийн үндсэн нэр томьёо ойлголтыг судалдаг бөгөөд маркетингийн удирдлага хичээлээр арай ахисан түвшний маркетингийн стратегийн томьёоллуудыг судалдаг.

Маркетинг гэдэг ойлголтыг ойлгохын тулд хамгийн гол нь маркетингийн иж бүрдлээ /marketing mix/ ойлгох хэрэгтэй.  Маркетингийн иж бүрдэл гэдэг бол 4Р юм.

1. Product - Бүтээгдэхүүн /энэ ойлголтонд 3 зүйл ордог. Бараа, үйлчилгээ, санаа гэсэн 3 зүйл нь бүтээгдэхүүн гэсэн ойлголтыг төлөөлөх болно. Талх, саван, машин зэрэг нь материаллаг бараа юм. Нөгөө талаар бүтээгдэхүүн юм. Реклам, сурталчилгаа, дуу шүлэг гэх мэт шинэ санаа нь патентлагдсан тусгай эрх аван баталгаажуулдаг бүтээгдэхүүн юм. Энэ тухай зар сурталчилгааны хуулиас харж болно./

2. Price - Үнэ /Энэ нь хууль, эдийн засаг, сэтгэл зүйн хувьд нэгдмэл байдлыг үүсгэдэг. Үнийг бүтээгдэхүүнээс нь салангид авч үзэж болохгүй гэж үздэг. Хэрэглэгч бүтээгдэхүүний үнийг асуугаад үнээр нь чанарыг төсөөлөн ойлгодог. Хэт үнэтэй зүйл маш хямдхан зарагдаж байхад хэрэглэгчийн сэтгэл зүй ихэнхдээ хүлээж авдаггүй. Үнэ нь эрэлт, өрсөлдөөн, зардалд үндэслэн тогтдог./

3. Promotion - Идэвхжүүлэлт /Идэвхжүүлэлтийн иж бүрдэлд зар сурталчилгаа, РR, биечилсэн худалдаа, борлуулалтын урамшуулал гэх мэт ордог. Зарим хүмүүс маркетинг гэдгийг зөвхөн зар сурталчилгаа мэтээр явцуу ойлгодог. Гэтэл энэ нь маркетингийн иж бүрдлийн нэг элементийн дэд нэг элемент шүү гэж хэлмээр байна. /

4. Place - Хуваарилалт /Зуучлалын хэлбэрүүд орно. Хуваарилалтын суваг нь 2 төрөлтэй. Биет болон биет бус гэсэн. Биет хуваарилалт гэдэг нь (логистик, ложистик янз бүрээр хэлдэг) бараа бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчдэд хүргэхэд тээврийн ямар хэрэгслүүдээр хэд дамжуулан зөөж байна вэ гэдэг асуудлыг хамарна. Усан онгоцоор, агаараар, автозамаар гэх мэтчилэн. Биет бус хуваарилалт гэдэг нь хэдэн хүн зуучилж дундаас нь ашиг олж байна вэ гэдгийг хамрах болно. Бөөний худалдаачин, жижиглэн худалдаачин гэх мэт./

Маркетингийн иж бүрдэл дээрх үндсэн 4-х хольцоос бүрддэг.

Гэтэл үйлчилгээний маркетинг гэхээр 7р яригддаг. Үндсэн 4р дээр ХҮН, ОРЧИН, ҮЙЛ АЖИЛЛАГАА гэсэн 3р нэмэгддэг. Мөн аялал жуулчлалын маркетинг дээр Partnership - хамтын ажиллагаа гэсэн Р бас нэмэгддэг.

Сүүлийн үед Packaging-сав баглаа боодол гэсэн Р-г хольцод оруулан ярих болсон ба олон улсын маркетинг дээр Рolitic- улс төр гэсэн Р мөн шинээр оруулахаар яригдаж байгаа.  

Энэ чиглэлийн доктор болон судлаачид өөр өөрийнхөөр онол зохион ярьдаг гэхэд нэг их хилсдэхгүй.

Боловсролын маркетинг, урлагийн маркетинг, аялал жуулчлалын маркетинг, хувь хүний маркетинг, олон улсын маркетинг, байгууллагын харилцааны маркетинг, дотоод маркетинг гадаад маркетинг бүр сүүлдээ ногоон маркетинг гэх мэтчилэн ярьж маркетинггүй зүйл байхгүй болсон.

Маркетинг бол харьцангуй залуу онол.

Үүний баталгаа бол маркетингийн загалмайлсан эцэг хэмээн нэрлэгддэг Ф.Котлер одоо амьдаар барахгүй түүний маркетингийн удирдлага хэмээх ном нь хамгийн олон удаа хэвлэгдсэн бест селлер номоор тодроод байна. Америкад 3 котлерийн холбоо гэж байдаг. Түүний сайтаар та бүхэн орж сонирхож болох юм.

Маркетингийг зарим хүмүүс шүүмжилдэг. Хэт хүний материаллаг сонирхлыг дэвэргэдэг, хэрэггүй хэрэгцээг бий болгодог гэх мэтээр. Эдийн засгийн хязгаарлагдмал нөөцийг үр ашиггүй цацаж, дуусгахын төлөө тэмцдэг гэж. Энэ нь нэг талаар үнэн. Гэвч маркетингийн ачаар бид өөртөө тохирсон тохиромжтой, хэрэглэхэд хялбар, өрсөлдөхүйц барааг цаг хугацаа хөрөнгө мөнгөө хэмнэн сонголттойгоор авах боломжтой болж байна. Маркетингийн ачаар амьдралын чанар сайжирч байна гэж ойлгож болно. Би чанартай үнэ хямдтай барааг авах боломжтой болно гэж хэлэхгүй байгаагийн учир нь энэ нь тийм нийтлэг шаардлага биш юм. Бүтээгдэхүүний нийтлэг шаардлага өөрөөр хэлбэл олон улсын түвшинд гарах бүтээгдэхүүн дараах гурван шаардлагыг хангасан байх ёстой гэж үздэг.

1. Тохиромжтой. /Тухайн хэрэглэгчдэдээ тохирсон. Хэрэв монголд гаргаж байгаа бол хамгийн гол нь хямд, монгол хэрэглэгчийн зан төлөвт тохирсон байх ёстой. Энд стандартчилалын тухай яригддаг. ISO 9000,9001 гэх мэт /

2. Хэрэглэхэд хялбар. /Ажиллагаа багатай. Хүн болгон хэрэглээгээ хялбарчилсан байдлаар хангахыг хүсч байдаг. 2-3 кноп дарсанаас 1-г дарсан нь дээр гэх мэт. Энэ нь хүний төрөлхийн шинж чанар./

3. Өрсөлдөхүйц байх. /Бусад ижил нэр төрлийн бараанаас ямар нэгэн шинж чанараараа илүү өвөрмөц, чанартай ч гэдэг юм уу./

Дээрх гурван шаардлагыг хангасан байвал олон улсын түвшин дэх бүтээгдэхүүний шаардлагыг хангана гэж үздэг.

 үргэлжлэл бий...

Хүний хөгжлийн асуудал
Хүний хөгжлийн онол арга зүйн философийн үндэслэл Хүн төвтэй хөгжлийн дэлхий нийтийн үзэл баримтлал Улс төрийн хүсэл эрмэлзэл байгаа цагт асар их хөрөнгө шаардахгүйгээр хүний хөгжлийг хангаж болно. 1921 оноос хойшхи үеийн Монгол улсын туршлага харуулж байна хэмээн Монголын улсын хүний хөгжлийн 1997 оны илтгэлд өгүүлжээ. Хүний хөгжил гэдэг нь хүн бүр амьдралдаа өөрийн сонголтыг хийх боломжийг нь өргөжүүлж өгнө. Хүн өөрийн сонголтыг илэрхийлэх чадвараа бий болгох, бий болгосон чадвараа амьдралдаа үр ашигтай ашиглах боломжоо нэмэгдүүлэх асуудлууд хамрагдана.
"Хүний хөгжлийн асуудал" цааш унших »
Танилцуулга

Эдийн засгийн мэргэжилтэй.

Хүмүүнлэг болон Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгссөн. Эдийн засгийн ухаан гээчийг зах зухаас нь судалсаар судалгаа шинжилгээ хийсээр байгаа боловч бусдад бүтээлээ үзүүлж санал бодлыг сонсон нээлттэй харилцах боломж нэг их олдохгүй явсаар өдийг хүрлээ.

Тиймээс эдийн засгийн онол, судалгаа шинжилгээний зүйлсийг энэ блогдоо түлхүү оруулах болно. Энэ блогт зөвхөн эдийн засгийн тухай өөрийн мэддэг бүхий л ойлголтыг төрөлжүүлэн оруулах болно.

Эдийн засгийн чиглэлээр сонирхон судалгаа шинжилгээ хийж байгаа хүмүүс миний блогоор дамжуулан надтай холбогдож санал бодлоо илэрхийлж нээлттэй байхыг хүсч байна.

Хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр хэрхэн хангах вэ?

Банжиг НЭТ-ийн БЛОГ-оор дамжуулан та бүхэнтэй холбогдож өөрийн эдийн засгийн тухай ойлголт, үзэл бодол, судалгааны ажлаасаа хуваалцах гэж байгаадаа таатай байна. Та бүхэн байнга сэтгэгдлээ хуваалцаж, үзэл бодолд минь үнэлэлт өгч байгаарай.

Хүндэтгэсэн Ганжинго

(Нийт: 13)